
Дэлхийн хамгийн том орон өглөө болгон түүний нэрийг дуудан сэрж байлаа. Энэ нэр өдөр бүр радиогоор сонстож, дуунд цуурайтаж, сонины хуудсанд дурайна. Энэ нэрийг хамгийн аугаа шагнал болгож үйлдвэр, хамтрал, гудамж, хотод олгоно. Цэргүүд энэ нэрийг дуудан үхэлтэй тулалдана. Дайны үед Сталинград цусанд умбаж, хөрс нь эргэсэн ч түүний нэрээр нэрлэгдсэн хот дайсанд бууж өгөөгүй юм. Зохион байгуулсан улс төрийн аллагынх нь золиос болсон хүмүүс түүний нэрийг дуудсаар үхэж байв. Хорих лагеруудын хэдэн сая хоригдлууд голыг эргүүлж, туйлд хот босгож байхдаа өчнөөн зуун мянгаараа үрэгдэж байлаа – тэд энэ бүхнээ түүний хөргийн дор бүтээсэн юм. Түүний хүрэл болон гантиг хөшөө аугаа том орны энд тэндгүй.